Нийслэлээс нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт 338 айлын ногоон орон сууц баригдаж байгаагаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч, дэлхийн 150 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын сертификат болох EDGE гэрчилгээг хүлээн авах барилга угсралтын дараах аудитын шалгалтад амжилттай хамрагдаж, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.





Цаашид төслийн бүрэлдэхүүн 2-ын ажлыг эрчимжүүлж, хувийн хэвшилтэй хамтран нийт 4200 айлын ногоон орон сууцны төслийг эхлүүлэх бөгөөд төслийн хүрээнд баригдаж буй барилгууд нь бусад стандарт барилгуудтай харьцуулахад дунджаар эрчим хүчний хэмнэлт 25%, усны хэмнэлт 20-25%, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25% үүсэж, оршин суугчид ашиглалтын зардал багатай, илүү үнэ цэнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшинэ.
Төслийн хэрэгжилтийн үр дүнд 8000 өрхийн яндан, 5000 өрхийн нүхэн жорлонг бууруулж, барилга угсралтын болон ашиглалтын явцад 15000 хүн/сар ажлын байрыг бий болгож, жилд 2.4 сая кВт.ц эрчим хүч, 5.5 сая л усыг тус тус хэмнэх бөгөөд иж бүрэн төлөвлөлтөөр 120,000 м2 ногоон байгууламж, 16.4 км дугуйн зам, 39.2 км явган хүний зам, 3800 машины авто зогсоол нэмэгдэж, агаар хөрс орчны бохирдол буурч иргэдийн амьдрах орчин сайжрах юм.

