Байгаль орчны хамгаалал
Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нь нийслэлийн байгаль орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилготой. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ногоон, тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна.
Төсөл нь Монгол Улсын байгаль орчны холбогдох хууль тогтоомж болон Азийн Хөгжлийн Банкны Хамгааллын бодлогын баримт бичиг (2009)-ийн шаардлагыг чанд мөрдөн хэрэгжинэ. Төслийг АХБ-ны ангиллаар “Б” ангилалд хамааруулсан бөгөөд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл харьцангуй бага, нөхөн сэргээж болохуйц гэж үнэлэгдсэн. Иймээс төслийн талбар бүрт шаардлагатай үнэлгээг хийж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ)-г хэрэгжүүлэн ажилладаг.
Төсөл хэрэгжсэнээр сонгогдсон нутаг дэвсгэрт байрлах эко хороололд дараах үр нөлөөг бий болгоно
Агаарын чанарыг сайжруулах
Гэр хорооллын 5,000 янданг буулгаснаар нүүрсний хэрэглээг халж, агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулна.
9,528 м2 нарны зайн дэлгэц суурилуулснаар жил бүр хэдэн зуун тонн CO₂ ялгарал багасч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодитой хувь нэмэр оруулна
Хөрсийг хамгаалах
5,000 нүхэн жорлонг буулгах арга хэмжээгээр хөрсний бохирдлыг бууруулж, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
Эко хороололд нийт 15 га ногоон байгууламж бий болгож, амьдрах орчны чанар, экологийн тэнцвэрийг дэмжинэ.
Ногоон барилга
EDGE ногоон барилгын гэрчилгээний шаардлагыг хангаж, эрчим хүчний хэрэглээ, усны хэрэглээ болон барилгын материал дахь шингэсэн энергийг дор хаяж 20 хувиар бууруулна.
Байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт технологи бүхий барилгын материал ашиглана
Хог хаягдлын менежмент
Иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан хог хаягдлын менежментийг хэрэгжүүлнэ.
Гэр хорооллоос жил бүр гардаг 8,000 тонн үнсний хог хаягдлыг бууруулна
Хүлэмжийн аж ахуйгаас гарах органик хог хаягдлыг бордоо болгох замаар тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжинэ.
Барилга угсралтын үеийн байгаль орчны хамгаалал
Төсөл нь Монгол Улсын байгаль орчны холбогдох хууль тогтоомж болон АХБ-ны Хамгааллын бодлогын баримт бичиг (2009)-ийн шаардлагуудыг мөрдөн ажилладаг. Барилга угсралтын явцад байгаль орчин болон орчны иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг урьдчилан сэргийлэх, бууруулах, нөхөн сэргээх, тогтмол хяналт шинжилгээ хийх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Барилгын ажлын гэрээт гүйцэтгэгч бүр байгаль орчин, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ)-г боловсруулан, батлуулж, хэрэгжүүлэх үүрэгтэй. Гүйцэтгэгчийн БОМТ-д барилга угсралтын ажлаас байгаль орчин болон орчны иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөлөөлийг бууруулах болон хамгийн бага түвшинд байлгах зэрэг арга хэмжээнүүдийг тусган, хэрэгжилтийг ханган ажилладаг.
Төсөл нь иргэдийн оролцоог хангаж, нээлттэй ил тод байдлыг эрхэмлэдэг. АХБ-ны Хамгааллын бодлогын баримт бичиг (2009) болон Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль (2012)-ын дагуу мэдээлэл өгөх, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаас гадна иргэдийн санал хүсэлтийг тогтмол хүлээн авч шийдвэрлэдэг.
